Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
“Тоёота Мотор Корпорац”-ийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” 16 дахь удаагийн зургийн уралдааны шилдгүүд шагналаа гардаж авлаа.
Сэтгэл нь догдолж, нүд нь гэрэлтсэн хүүхдүүд хамгийн хөөрхөн хувцсаа өмсөж, аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчтэйгээ хөтлөлцөн шагнал гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн иржээ. Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн зурсан зургаар үзэсгэлэн дэлгэсэн байсан тул бүгд л нэгнийхээ бүтээлүүдийг сонирхон харж, “Ямар гоё машин бэ” хэмээн уулга алдах нь сонсогдоно.
Ингээд та бүхэнд энэ удаагийн уралдааны шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан Э.Хонгорзулын сэтгэгдлийг хүргэе.
- Би “Амьдралын аз жаргалтай мөчүүдийг хадгалдаг машин” зургаараа шилдгийн шилдэг бүтээлийн эзэн боллоо. “Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Хамгийн анхны жил гуравдугаар байрт шалгарсан. Өнгөрсөн жил насныхаа ангилалд тэргүүн байранд шалгарсан бол энэ жил шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр шалгарлаа. Маш их баяртай байна.
- Гурван жил дараалан уралдаандаа бүтээлээ сорьж, ийнхүү шилдгийн шилдэг боллоо. Тууштай байхын үлгэр жишээ үзүүлсэнд баяр хүргэе.
- Баярлалаа. Дотор бодогдсоноо шууд цаасан дээр буулгасан. Би дөрвөн настайгаасаа зурж эхэлсэн. Чөлөөт цагаараа, уйдахаараа их зурдаг. Шинэ санаа төрвөл цаасан дээр буулгаж байх хэрэгтэй. Тэгж чадвал зурах чадвар сайжрахаас гадна төсөөлөн бодох чадвар ч сайжирдаг.
Бид сайхан дурсамжаа мартдаггүй байсан бол амьдралаас илүү их аз жаргалыг мэдэрч чадна гэж бодож энэ зургаа зурсан.
- Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхдүүд, эцэг, эхчүүд маш их баяртай, сэтгэл нь догдолсон харагдаж байна. Танд энэ мөчид ямар сэтгэгдэл төрж байна вэ?
- “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи: “Тоёота мотор корпорац” зөвхөн автомашин үйлдвэрлэгч биш, бид аз жаргалыг бүгдэд түгээхийг эрхэм зорилго болгон ажилладаг. Энэхүү зорилгын нэг хэсэг болсон үйл ажиллагаанд олон хүүхэд, эцэг эхчүүд сэтгэл дүүрэн оролцож байгаад баяртай байна.
Цар тахлын нөхцөл байдал намжиж, илүү аз жаргалтай, гэгээлэг дүрслэлүүд хүүхдүүдийн зурсан зурагт шингэсэн байгааг харахад маш таатай байлаа. Тэд ирээдүйг ийм сайхнаар харж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүллээ.
Хүүхэд бүр шагнал гардуулах ёслолд хайртай дотны хүмүүстэйгээ ирсэн байлаа. Бид эцэг эхчүүдийн төлөөлөл болгон Б.Амарсайханаас сэтгэгдлийг нь сонслоо.
- Хүүгийнх нь зураг уралдааны шилдэг 30 бүтээлийн нэг болжээ. Баяр хүргэе. Та өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Баярлалаа. Зургийн уралдаанд 7, 8 настай хоёр хүү маань хоёулаа оролцсон. Ах нь шагнал авлаа. Маш их баяртай байна. Хүүхдүүд маань шагнал гардуулах өдрийг хоног тоолон хүлээсэн. Хоорондоо ярилцаж байгаад зургийн санаагаа олсон гэсэн. Бид зурагт нь огт оролцоогүй. Хүүхдүүддээ өөрсдийнхөөрөө сэтгэх боломжийг олгох нь чухал гэж боддог.
Шагнал авсан, аваагүй ч бай ийм уралдаанд оролцоно гэдэг амжилт гэж бодож байна.
Энэ удаагийн уралдаанд нийт 474 бүтээл ирсэн бөгөөд хүсэл мөрөөдлөө шингээсэн хүүхэд бүрийн бүтээл маш үнэ цэнтэй байсныг шүүгчид, зохион байгуулагчид онцолж байлаа.
Уралдааны шүүгчээр: