Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
“Тоёота Мотор Корпорац”-ийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” 15 дахь удаагийн гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа. Энэ удаагийн уралдааны ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:
Тэд ямар үндсэн шалгуур тавьж, аль ур чадваруудыг онцлон харж, оролцогчдын авьяас, оюуны бүтээлийг тунгаан шүүсэн талаарх сэтгэгдлийг хүлээн авна уу.
ДИЖИТАЛ, МЕТА ЕРТӨНЦ РҮҮ ӨӨРӨӨ АВАТАР БОЛЖ АЯЛЖ БУЙ ЗУРАГ Ч БАЙЛАА
- Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр:
- Өнгөрсөн жил цар тахал, байгаль орчны бохирдолтой холбоотой бүтээлүүд их байсан бол энэ жил сэдвийн цар хүрээ тэлсэн байна. Дижитал, мета ертөнц рүү өөрөө аватар болж аялж буй зураг ч байлаа. Цаг үеэ дагаад хүүхдүүдийн мөрөөдөл ч мөн өөрчлөгдөж байдгийг үүнээс харж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрсөдтэйгөө яг адилхнаар ойлгох ёстойг харуулсан зураг маш чухал агуулгыг илэрхийлсэн байсан. Олон зуун хүүхдийн зургаас шилдгийг шалгаруулах нь өндөр хариуцлагатай ажил юм.
Урлагийн бүтээлийг хооронд нь уралдуулах хэцүү. Бүтээл бүр хүмүүст өөр өөр мэдрэмжийг өгдөг. Бид бүтээлийг шүүхдээ амлалтад гарын үсэг зурж, үнэн бодитоор шүүхээ баталдаг.
Эцэг, эхчүүд хүүхдүүддээ тэмцээнд оролцох, бүтээлээ илгээх нь ямар том ач холбогдолтойг ойлгуулах, урлагт дуртай бүтээлч ирээдүйн төлөөллийг бэлдэх нь чухал. Тиймээс шагнал, медаль авах нь нэн тэргүүний зорилт мэт аашилж болохгүйг сануулмаар байна.
“МӨРӨӨДЛИЙН МАШИН”-Ы БҮТЭЭЛҮҮДИЙГ ШҮҮГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ БАРИМТАЛЖ ШҮҮДЭГ
- Боловсрол судлаач, багш Г.Төмөрзаяа:
- Энэ удаагийн уралдааныг шүүхдээ маш сайхан тааламжтай мэдрэмж авлаа. Өнгөрсөн жилийн бүтээлүүдтэй харьцуулахад энэ жил бүтээлүүдийн агуулга, хүүхдүүдийн сэтгэлгээ илүү өргөн хүрээтэй байлаа. Олон улсын тэмцээний бүтээлүүдээс санаа авч, дуурайн зурсан тохиолдлууд өнгөрсөн жил цөөнгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн алдаа гарсангүй. Хүүхэд бүр яг өөрийн доторх ертөнцөө чагнаж зурсан нь маш олзуурхууштай байв.
Шувуу, загас, тийрэлтэт хөдөлгүүртэй машиныг өөрсдийнхөөрөө бүтээсэн нь хүүхдүүдийн сэтгэлгээ тэлж байгаагийн илрэл байлаа. Мөн түүх, олон улсын шинжлэх ухааны мэдлэг арвинтай байгаа нь хүүхдүүдийн зургаас ажиглагдсан.
Хүүхэд бүрийн бүтээл өөрийнх нь гэр бүлийнхэнд хамгийн шилдэг нь байдаг. Тухайн зургийг зурах үеийн хичээл зүтгэл, зургийн агуулга, санаа бүгдийг ойлгодог учраас тэгж санагдана. Гэхдээ манай эцэг, эхчүүд хүүхэд түрүүлэх нь биш, оролцох нь ямар чухал вэ гэдгийг ойлгож, хүүхдэдээ урам өгөх хэрэгтэй. “Чиний бүтээлийг мэргэжлийн шүүгч нар харсан шүү дээ” зэргээр урамшуулаарай.
“Мөрөөдлийн машин”-ы бүтээлүүдийг шүүгчид олон улсын стандартыг баримталж шүүдэг. Зургаар илэрхийлж буй санаа, бүтээлч сэтгэлгээ, хүүхэд өөрөө бие дааж хийсэн эсэхийг хардаг. Эхлээд гурван шүүгч тус тусдаа шилдэг бүтээлүүдээ шалгаруулж, хамгийн өндөр оноотой гарч ирсэн бүтээлүүддээ ахин оноо өгч, шилдгүүдийг тодорхойлдог.
- 800 орчим бүтээлийг шүүхэд хүүхдүүдийн нийтлэг санаа бодол, төсөөллийн ертөнц нь харагддаг байх?
- Бүтээлүүдийн нийтлэг шинж чанарыг харахад хүүхдүүд далай тэнгис дэх амьдралыг, огторгуй ертөнц, гараг, эрхсийг, байгаль дэлхий, амьтныг хайрлах тухай мэдэхийг маш их хүсэж байгаа нь харагдсан.
Халим жижиг загасыг идэх гэж байхад нь гэрэл тусган зогсоож авардаг зураг байлаа. Хүүхдийн сэтгэлд амьтан амьтнаа идэхгүй байх нь зөв санагддаг байх нь. Үүнээс эхлээд хүн, амьтан, байгаль зэрэг бүхнийг хайрлах тухай бүтээлүүдийн агуулгад их байсан.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхож буй зүйлсийн талаар ярилцаж, ном уншиж өгч, мөрөөдлийнх нь ертөнцөд саатах хэрэгтэй.
ХҮҮХЭД БҮРИЙН ЗУРГААС ТЭДНИЙ ДОТООД СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭМЖИЙГ УНШИЖ БОЛДОГ
- Зураач Я.Булган:
- Хүүхдүүдийн зураг гэгээн мөрөөдлөөр дүүрэн, харахад л сайхан энерги мэдрэгддэг. Энэ удаагийн уралдааны шилдэг бүтээлүүдийг шүүгч нар санал нэгтэйгээр тодрууллаа. Хүүхэд бүрийн зургаас тэдний дотоод сэтгэлийн илэрхийлэмжийг уншиж болдог. Хүүхдийн дотор хайрцаглагдсан ертөнц байдаггүй. Өөрийгөө маш чөлөөтэй илэрхийлдэг. Хорвоо ертөнцийг хамгийн гэгээлэг, сайхнаар хардаг. Олон хүүхдийн бүтээлийг шүүх нь шүүгчдээс өндөр хариуцлага, ур чадвар шаарддаг.
Том хүний гар, сэтгэлгээ хүүхдийн бүтээлд тусгагдсан эсэхийг мэргэжлийн үүднээс харж ялгаж болдог. Зургийн нэг хэсэг хүүхдийн сэтгэлгээгээр зурсан байхад, нөгөө хэсэгт нь том хүний оролцоо орсон байх нь ч бий. Ялангуяа технологи хөгжсөн энэ үед зургийн нарийн чимхлүүр хэсгийг ч тухайлан харж байна. Мэргэжлийн, том хүний оролцоотой бүтээлийг шилдгээр шалгаруулдаггүй.
8 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:
8-12 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:
12-15 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:
Өөрийгөө дайчлан, оюун бодол, авьяас билгээ зориулан уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүд та бүхэнд баяр хүргэж, дараа дараагийн уралдааны үүд хаалга үргэлж нээлттэйг дуулгая.