Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
Тоёота Сэйлс Монголиа ХХК нь тус компанид 9.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан тухай Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн Төлөө Газраас (ШӨХТГ) 2022 оны 1-р сарын 5-ны өдөр нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсаар дамжуулан гаргасан мэдээлэлд дараах албан ёсны тайлбар, мэдэгдлийг олон нийтэд хүргүүлж байна.
Тоёота Сэйлс Монголиа ХХК нь суудлын автомашин үйлдвэрлэгч Японы Тоёота Моторс Корпорацийн Монгол Улс дахь албан ёсны онцгой эрхтэй дистрибьютер компани юм.
Уг онцгой эрхийн хүрээнд тодорхой шаардлага хангасан компаниуд болох “Таван Богд” ХХК болон “Мөнххада” ХХК-тай дилерийн гэрээг байгуулан, Монголын зах зээлд Тоёота брэндийн бүтээгдэхүүнийг найдвартай нийлүүлж байна. Бид автомашины борлуулалт, үйлчилгээг Тоёота брэндийн дэлхийн түвшинд хэрэгжүүлдэг стандартад нийцүүлэн, бүтээгдэхүүний чанар, найдвартай байдлыг хангаж, нэмэлт зардал багатайгаар нийлүүлэхээр зорин ажилладаг билээ.
ШӨХТГ нь 2021 оны 2-р сарын 26-ны өдөр гаргасан 01 тоот тогтоолоор Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийг “суудлын шинэ автомашины импортын зах зээл”-д давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон. Тийнхүү давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоохдоо ШӨХТГ нь холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-ын шаардлагыг дагаж мөрдөөгүй хэмээн манай компанийн зүгээс үзсэн тул 2021 оны 3-р сард Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлд хамаарах асуудлыг Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа болно.
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийг хууль бусаар давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон эсэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед буюу шүүхээр эцэслэн шийдээгүй байхад ШӨХТГ-аас 2021 оны 11-р сард тус компанид зөрчлийн хэрэг үүсгэн, улмаар 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “давамгай байдлаа хууль бусаар ашигласан” гэж үзэн торгууль ногдуулаад байна.
Тоёота Сэйлс Монголиа ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг ямагт дээдлэн хүндлэж, үйл ажиллагаандаа мөрдлөгөө болгосоор ирсэн. Мөн бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироох, зах зээл дэх өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх аливаа хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй бөгөөд дээрх мэдэгдэлд дурдсан “өөрийн албан ёсны дилер, тэдгээрийн харилцан хамааралтай этгээдийг аливаа моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл, дагалдах хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, ханган нийлүүлэлтээр худалдан авах, жижиглэнгийн худалдаа, бусад хэлбэрээр борлуулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон, өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан” зүйл огт байхгүй бөгөөд тийм шаардлага тавьж байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсч байна.
Иймд, бид уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүрээнд ШӨХТГ болон холбогдох бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Тоёота Сэйлс Монголиа ХХК