Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
“Тоёота Мотор Корпорац”-ын зүгээс 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Мөрөөдлийн машин” хүүхдийн зургийн уралдааны шилдгүүд тодорлоо. Энэхүү уралдаанд 3-15 насны 781 гаруй хүүхэд оролцож, дахин давтагдашгүй өвөрмөц ертөнцөө илэрхийлж, хүслээ шингээн зурсан бүтээлээ ирүүлжээ. Бүтээлээ ирүүлсэн бүх хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.
Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, ирээдүйн автомашины загварыг бүтээх боломжийг олгодог, энэхүү уралдаанд нийт гурван насны ангилалд шилдэг есөн бүтээлийг шалгаруулж, олон улсын тавцанд 100 гаруй орны шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөх боломжийг олгодог.
Ур чадвар, авьяасаа шингээн зурсан бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хоёр үе шаттайгаар шүүж, шилдгүүдийг шалгаруулжээ.
Шүүгчид:
Шүүгч нарын зүгээс 17 дахь удаагийн “Мөрөөдлийн машин” зургийн уралдааны шилдэг бүтээлийг хэрхэн шалгаруулсан, ямар ур чадваруудыг онцлон харсан талаарх сэтгэгдлийг сонирхоцгооё.
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр:
Жил бүрийн бүтээлүүдийн хувьд тухайн жилийн онцлогоос хамаараад өөр өөр бүтээлүүд ирдэг. Ковидын жилийн хувьд сэтгэл сэртхиймээр бүтээлүүд ирж байсан ба хөл хорио, өвчин тахал нь хүүхдүүдийн сэтгэлзүйд нөлөөлсөн нь харагдаж байсан. Өмнө жилийн хувьд илүү сэргэж, илүү өнгөлөг өөдрөг болсон. Энэ жилийн хувьд мөн адил илүү өнгөлөг, гэгээлэг бүтээлүүд ирсэн байна. Хүүхдүүдийн хувьд цэвэр ариун, гэнэн, романтик мөрөөдөлтэй байдаг ба үүнийгээ бүтээлдээ тусгасан нь харагдаж байсан.
Бидний зүгээс хүүхдийн зурах ур чадвар, уран сэтгэмж, үндсэн уралдааны сэдвийг хэрхэн харуулсан байдал дээр тулгуурлан шүүлтээ хийсэн. "Мөрөөдлийн машин" уралдааны олон улсад шалгарсан бүтээлүүдийн онцлогийг харвал агуулгыг гаргасан болон илүү уран сэтгэмж сайтай бүтээлүүдийг шалгаруулсан байдаг. Бидний зүгээс ч мөн энэхүү талуудыг түлхүү харсан.
Бидний дунд байдаг нэг түгээмэл буруу ойлголт нь зургийн уралдаан гэхээр л хүүхэд гоё, өнгөлөг зурсан байх гэдэг дээр түлхүү анхаардаг ба заавал шагнал авах ёстой гэж хүүхдүүдийнхээ өмнөөс шийдээд байдаг. Харин эсрэгээр энд оролцоод, нэг сэдвийн хүрээнд өөрийгөө илэрхийлж байна гэдэг нь хамгийн том шагнал юм. Хүүхэд уралдаанд орно гэдэг нь хүүхдийн оролцоо, нийгмийн идэвх, ирээдүйд зөв хүн болж төлөвшихөд нь тустай.
"Хөөрхөн шар шувуу" сургалтын төвийг үүсгэн байгуулагч Г.Төмөрзаяа:
Миний хувьд хүүхдүүдийн сэтгэлгээ зурган дээр хэрхэн буусан, энэхүү бүтээлийг хүүхэд өөрөө зурсан уу, хүүхдийн санаа мөн үү гэдэг дээр анхаарч шүүлтээ хийсэн. Энэ жилийн хувьд хүүхэд бүрийн зураг өөр өөрийн өвөрмөц онцлогтой байлаа. Өмнө жилийн хувьд гэхэд нэг хүүхэд олон зураг зураад оролцож байгаа мэт ижил хэв маягтай байсан бол энэ жилийн хувьд нийт 800 орчим бүтээл 800 өөр санаа хэв маягтай байсан нь сайшаалтай байлаа.
“Гөлгөн Муужгай” комикийн зураач А.Түвшинтөр
Би багаасаа зургийн уралдаанд нэлээн ордог, хэрхэн байр эзлэх вэ гэдгийг сайн мэддэг байсан учраас хүүхдүүдийн бүтээлүүд нэлээд танил санагдсан ба мөн хүүхдийн бүтээлд гадны нөлөө орсон эсэх дээр илүү сайн ялгадаг.
Миний хувьд хүүхдийн бүтээл гээд хөнгөхөн хандалгүй, нэлээн хатуу шүүлт хийсэн. Бүтээлийн утга санаа, тайлбарласан байгаа байдлыг түлхүү харсан ба, мөн зураач хүн учраас зургийн чадвар болон өнгөний сонголт, техникүүдийг ч харсан. Зарим тохиолдолд хэчнээн гоё зурсан байсан ч, агуулгын хувьд тохиромжгүй зургуудыг шууд хассан.
Дижитал арт төрлийн хувьд хүмүүс үүнийг зургаас өөр гэж боддог. Яг үнэндээ зурж буй хэрэгсэл нь өөрчлөгдөж буй болохоос, зураг зурж буй мэдрэмж нь өөрчлөгдөхгүй. Эцэг эхчүүдийн маань хувьд зарим нь буруу хандлага гаргадаг. Хүүхдүүд нь дөнгөж зурж сураад эхлэхэд нь манай хүүхэд зурж чадаж байна гээд ухаалаг таблет аваад өгчихдөг. Тухайн төхөөрөмжийг хэрэглэснээр хүүхэд нь илүү сайжирна гэсэн бодолтой байгаад байдаг. Тэр төхөөрөмжийг авч өгснөөр хүүхэд илүү өөр төрлийн юм хийх боломжтой болохоос биш зургийн чадвар, болон нөөц бололцоо сайжрахад нь ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Хэтэрхий бага насны хүүхдүүдэд ухаалаг таблет авч өгч байгаа нь аюултай. Миний хувьд өөрөө 4 жил ухаалаг таблет дээр зурж байгаа, хараа муудах ч юм уу сул талууд нэлээн ажиглагддаг. Төхөөрөмжүүд зургийн чадварт нөлөөлдөггүй. Иймд хүүхдүүдэд нэг хэрэгсэл, нэг аппликейшн ашиглахгүйгээр олон төрлийн юмыг туршиж үзэж байгаад өөрийн хэв маяг, зургийн чадвараа сайжруулаарай гэж хэлмээр байна.
Ийнхүү “Мөрөөдлийн машин” 17 дахь уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
7 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:
8-11 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:
12-15 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:
Шагналт байранд шалгарсан болон нийт бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачууддаа ахин талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэн ерөөе.