Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
Тоёота Сэйлс Монголиа компаниас зохион байгуулсан Үндэсний Ур Чадварын Тэмцээн 2025 өнгөрөгч Бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь жил бүр зохиогддог бөгөөд Тоёотагийн албан ёсны дилер компаниудын мэргэшсэн механикч, засварын зөвлөхүүдийн оношилгоо, засвар, үйлчилгээ хийх, мэргэшсэн байдал, хурд, мэдрэмж зэрэг ур чадварыг сорихоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, шалгуурыг хэрхэн хэрэгжүүлж буйг онцгойлон дүгнэж, шалгаруулах үндсэн зорилготой.
Гурав дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээн албан ёсны дилер компаниуд болох Тоёота Таванбогд, Тоёота Мөнххада, Тоёота Топ Моторс багуудын дунд зохиогдсон юм. Энэ жилийн хувьд оролцогчдын мэргэшлийн ур чадвар, багаар ажиллах чадамж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар зэрэг олон талт шалгуураар үнэлсэн бөгөөд шүүлтийг шударга, ил тод байдлаар явуулснаараа онцлог байв.
Арга хэмжээ 1 дүгээр сарын 11-ний өдөр Мишээл Экспо төвийн Үзэсгэлэнгийн танхимд зохиогдсон бөгөөд өглөөний 10:00 цагаас эхлэн зочдыг хүлээн авснаар тэмцээн албан ёсоор эхэлсэн билээ. Тэмцээний албан ёсны нээлтийн дараа оролцогчид болон шүүгчдийн багийг танилцуулж, шүүлтийн үнэн зөв байдлыг хангах үүднээс шүүгчдийг сугалаагаар багуудад оноов. Тэмцээний даалгавар, өгөгдөл нь оролцогчдод нууцлаг байсан нь тэмцээний үнэн бодит байдлыг улам баталгаажуулж байсан юм.
Тэмцээний гол онцлог нь үйлчлүүлэгчтэй цаг товлохоос эхлээд угтан авах, үзлэг хийх гэх мэт шалгууруудыг ч багтаасан нь дан ганц шилдэг механикч, инженерийг тодруулах гэхээс илүүтэй шилдэг баг хамт олон, үйлчлүүлэгчид өгөх сэтгэл ханамжийг үндэслэн шүүлтээ явуулахад оршиж байсныг дурдах нь зүй.
Ийнхүү нийт дөрвөн үе шат, олон цагийн турш үргэлжилсэн тэмцээн өндөрлөж, ялагч тодрох торгон мөчид Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ягүчи Ёохэй ялагч багийг албан ёсоор олон нийтэд танилцуулж албан ёсны дилер болох Тоёота Мөнххада компанийн баг ялагчаар тодорч, Япон Улсад аялах эрхийн эзэн болсноор тэмцээнийг гайхалтай амжилтаар өндөрлүүлсэн юм.
Дэлгэрэнгүй