Тогтвортой хөгжлийн зорилго - #3 ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ 07 сарын 15, 2021
Тогтвортой хөгжлийн зорилго - #3 ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ

Тоёота Мотор Корпорацын нэрийн өмнөөс Монгол дахь Тоёотагийн гэр бүл буюу албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК, албан ёсны дилер Таван Богд ХХК, Мөнххада ХХК-ийн хамт нийгмийн хариуцлагын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүн тээврийн HIACE автомашин гардуулж байна.

Корпорацын зүгээс Тогтвортой хөгжилд хөтлөх зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах - 3.1, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах - 3.C, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах - 3.6 зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи  энэ талаар “Тогтвортой хөгжлийн зорилт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх зорилт бөгөөд манай корпорац өнгөрсөн жил алсын хараагаа шинэчлэн тодорхойлохдоо уг зорилтод нийцүүлэн ажиллахаар болсон. Бид эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих гэсэн зорилгод бага боловч хувь нэмэр оруулна гэж үзэн, Тоёота HIACE автомашиныг ЭХЭМҮТ-д хандивлаж байна. Хүнд хэцүү цар тахлын үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад уг автомашин хэрэг болно гэж найдаж байна. Монголын эрүүл мэндийн нийт ажилтнуудад талархаж байгаагаа дахин илэрхийлж байна.” гэлээ.